Blue Ice Cream Bar

Цахим ертөнцийн ач холбогдол


Цахим ертөнцийн ач холбогдол
Даяаршиж буй хөгжлийн салхинд монголчууд бид хамт салхилан явна. Цахим ертөнцийн цар хүрээ, улам бүр өргөжин тэлж, өртөөчин түүх маань жиргээчин боллоо. Учир юу вэ гэвэл морин өртөөгөөр мэдээгээ  дамжуулдаг байсан өвөг дээдсийн уламжлал он цагийн тоосонд хурдаа нэмсээр цаг хугацаа, орон зайг үл хамааран, агаар салхи, хий хоосон огторгуйгаар дамжин, хаа сайгүй түгэн тархдаг, гэрлийн  хурдаар бидэнд ирсэн юм.  
Манай улсын цахим сүлжээ аймаг, сум, суурин бүхий л газрыг бүслэн тархаж эх орны өнцөг булан бүрээс холбогдож байна. Энэ бол сайшаалтай зүйл, дэвшилтэт 21 дүгээр зууны давуу тал юм.
Цахим сүлжээ хэрэглэгчдийн  дийлэнх нь мэдлэг боловсролтой, тодорхой албан тушаалтай, нийгмийн идэвхитэй  хүмүүс байдаг.Тэднийг цаг үеийн эрэлт хэрэгцээтэй, үнэн зөв, шударга шуурхай мэдээллээр хангаж ажиллах нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг юм. 
Нийгэмд сайн сайхныг түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн гэсэн өнгө төрх, дуу хоолойгоо хүргэж, үнэ цэнэ, мөн чанараа алдахгүй, ус агаар мэт амин чухал мөнхийн хэрэглээ болох явдал, цахим ертөнцийн шалгуур нь байдаг. Цахим ертөнцөөр гарсан мэдээлэл хурдтай, өргөн далайцтай тархдаг учраас сайн сайхан, гэгээлэг зүйлийн төлөө бусдыг чиглүүлэн, тэдний сэтгэлд хүрсэн энгийн боловч бодит үйл явдал байх нь хамгаас чухал билээ. 
Ганц жишээ хэлэхэд “Хоролоо эмээ” гэх эгэл жирийн, сэтгэлд дотно сэдэв  хэдэн өдрийн турш цахим ертөнцийн анхааралд байна. Эмээгийн хүүгээ гэх сэтгэл хүмүүсийн зүрхэнд хүрч, түүнд туслах гэсэн хүн бүхний сайн үйлс биелэлээ олсныг та бүхэн мэдээллийн олон сувгаар дамжуулан мэдсэн байх.
Түүний талаар олж мэдсэн н.Сувд-Эрдэнэ гэх бүсгүй өөрийн фэйсбүүк хуудсаараа мэдээлэл хүргэснийг анх манай редакци онцлон авч түүнтэй холбогдсон юм. Улмаар бусад мэдээллийн хэрэгслүүдэд дамжуулах, олон нийтэд түгээх ажлыг эхлүүлж байлаа. Өнөөгийн нийгэмд мэдээллийн хурд гээч зүйл ямар ач холбогдолтой болохыг энэ мэт олон мэдээ, баримтаас харагдаж байна.
Цаашид ч бид энэ эрчээрээ ажиллаж, олон сайхан үйл явдлыг та бүхэнтэй хуваалцах болно.
Монголчууд эвлэвэл бүтнэ гэж ярьдаг, боломжийг зөвөөр ашиглаж, хамтдаа сайн сайхны төлөө тэмүүлцгээе. 

No comments:

Post a Comment